Шилэн кабел

2014-04-01 11:05:46

Юуны өмнө шилэн кабелийн талаар бяцхан ойлголт өгье. Телефон систем, Кабель телевиз, Интернэт зэргийг ашиглахын тулд холбогдох аргуудыг судлах явцад шилэн кабелийн талаар заавал дурдагддаг. Танд маш ойлгомжтойгоор тайлбарлавал хүний үсний ширхэг шиг нарийхан цэвэр шилээр бүтсэн оптик утсыг л шилэн кабель гээд байгаа юм. Хийх ажил нь маш тодорхой буюу дижитал өгөгдлийг алс хол дамжуулах явдал. Зөвхөн өгөгдөл дамжуулахаас гадна зарим тохиолдолд эмнэлгийн болон инженерийн шийдэлд хэрэглэдэг.


Англи хэл дээр Fiber Optic гэдэг бөгөөд монголчилбол Оптик Шөрмөс гэх юмуу даа. Үндсэндээ Шилэн Шөрмөс ч гэж болно. Энэхүү хүний үсний ширхэг шиг нарийхан шилэн шөрмөсийг олноор нь багцлаад нэг кабель болгосныг ШИЛЭН КАБЕЛЬ гэдэг байна. Сигналыг гэрэл хэлбэрт оруулаад дамжуулдаг болохоор хурд нь гэрлийн хурд шиг л гэж ойлгож болно. Өнөөхөндөө эрдэмтдийн хэрэглэж байгаа хамгийн өндөр хурд бол гэрлийн хурд шүү дээ. Үүнээс цаашхи хурдыг гаргаж, хэрэглэж чадаагүй л байгаа. Түүнчлэн гэрэл хэлбэрт оруулсан болохоор алс хол зайд алдагдалгүйгээр дамжуулдаг нь түүний гайхамшиг юм.

Сониуч зандаа хөтлөгдөөд нэг ширхэг шөрмөсийг томруулдаг шилээр харвал голд нь цэвэр шилээр хийсэн цөм байна. Түүнийг тойроод гэрлийг ойлгох зориулалттай тусгай шилэн материал бүрхэнэ. Ингэснээр цөм доторх гэрэл гадагшлахгүйгээр зөвхөн цөм дотроо ойгоод л байх боломж бүрдэх юм. Мэдээж түүнийг гадуур хамгаалалтын пластик материалаар бүрсэн байна.

Эдгээр шөрмөсийг хэдэн зуугаар нь магадгүй хэдэн мянгаар нь багцлаад гадуур нь Jacket гэж нэрлэх хамгаалалтын бүрээсээр бүрсний дараа та бидний хэрэглэх ёстой Шилэн кабель бүрдэж байгаа юм.

Дан горимтой шөрмөс нь 9 микроны диаметртэй цөмтэй байх бөгөөд лазер гэрэл дамжуулдаг бол олон горимтой нь 62,5 микроны диаметртэй ба Хэт улаан туяаны гэрэл дамжуулдаг онцлогтой.

Шилэн кабель хэрхэн ажилладаг вэ?
Хэрвээ урт шулуун коридорт гар чийдэн тусгавал ямар ч асуудал алга. Гэрэл явсаар байгаад нөгөө талд хүрэх нь тодорхой. Гэтэл тахиралдсан коридорт асуудал үүснэ. Тэгвэл та гэрлийг нөгөө талд хүргэхийн тулд замд нь толь тавих хэрэгтэй болно шүү дээ. Гэтэл байдлыг бүр хүндрүүлж олон тийшээ мушгирсан хонгил гэж төсөөлье. Энд тэнд баахан толь тавьж байснаа сүүлдээ мэргэн арга олно. Энэ бол ханаа толиор хийх явдал юм. Хичнээн ч тахиралдлаа гэсэн гэрэл ойсоор байгаад очих газраа хүрнэ. Тэгэхээр та шилэн шөрмөс дотор юу болдгийг бараг мэдчихлээ шүү дээ.

Гол бүтэц болох цөм нь өөрөө шилээр хийгддэг тул элдэв соронзон орон, долгион зэрэг гаднын хүчлэлд өртөх нь бага, ер нь бол гадаад орчноос сайн хамгаалагдсан бүтэцтэй байдаг нь завшаантай хэрэг юм. Их хэмжээний мэдээллийг шилэн кабелиар алс зайд, алдагдалгүйгээр өндөр хурдаар гэрлийн дохионы хэлбэрт дамжуулах боломжтой тул орчин үеийн сүлжээний дамжуулах систем, магистраль хэлхээнд өргөн ашиглахад тун тохиромжтой.

Метал болоод бусад материалаар хийсэн кабелиуд одоо ч гэсэн өргөн хэрэглэгдсээр л байгаа. Жишээ нь “МЦХ” ХХК-ийн зэс кабель, Кабелийн телевизийн цагаан зэргийг дурдаж болно. Эдэнтэй харьцуулбал шилэн кабель нь дараах онцлогтой.

-Зурвасны өргөн харьцуулшгүй их. Өөрөөр хэлбэл зэс утсаар дамжуулах хамгийн их мэдээлэл нь тодорхой төвшинд хүрээд зогсдог бол шилэн кабелиар дамжих мэдээллийг өнөөхөндөө хязгааргүй их гээд ойлгочиход болно. Ийм учраас л видео дүрсээ харж ярих гэх мэтийн шаардлагуудыг биелүүлэхэд шилэн кабель л гол үүрэг гүйцэтгэнэ. 108 инчийн асар том дэлгэц дээр нарийвчлал өндөртэй гарах аварга HD видео дүрсийг дамжуулахад шилэн кабелийн тун өчүүхэн хэсэг л ашиглагдана гээд бод доо.

-Илүү нимгэн, илүү тунгалаг. Шилэн шөрмөс тун нарийхан тул нийт утас хэтэрхий том биш байдаг.

-Тоон системтэй тул өгөгдөл алдагдах, хурд унах аюулгүй.

-Шил, гэрэл ашигладаг тул гаднын нөлөөлөлд автах нь бага. Жишээ нь халуун хүйтэн, соронзон гэх мэт.

Шилэн кабельд ганц сул тал байдаг нь түүнийг суурилуулахад өртөг зардал өндөртэй байдаг. Гэвч нэгэнт суурилуулчихсаны дараа хэрэглээд ирэхээр маш ашигтай болох бөгөөд улс орны хэмжээнд авч үзвэл түүнийг аль болох л эртхэн суурилуулаад хэрэглэж байх нь аль алиндаа өлзийтэй. Яагаад гэвэл түүний найдвартай, тогтвортой, өндөр хурдтай гэх мэт олон давуу талууд нь амьдралд тун чухал юм.

Монгол дахь шилэн кабель
Улс орон хэдий чинээ их шилэн кабелиар хэрүүлнэ төдий чинээ хөгжил нь түргэсдэг гэх юм. Энэ үнэн болов уу. Батлахын тулд бодит тоо баримтыг түшиглэх хэрэгтэй.

Жишээ нь бидний хамгийн ойрын жишээ авч болохуйц орон бол Япон болоод Өмнөд Солонгос юм. Тэд мэдээлэл дамжуулах гол сувгаараа Шилэн кабелийг нэгэнт сонгосон. Яагаад гэвэл хэрэглэгчид улам хурдан буюу супер бөгөөд найдвартай холболтыг хүсэх болсноор шилэн кабель гарцаагүй оновчтой шийдэл болоод байна. OECD-ийн өргөн зурвасын холболтын талаар гаргасан судалгаанд шилэн кабель тэргүүлэх зэрэгт очсоныг шууд баталсан юм. Тухайлбал Өмнөд Солонгосын 100 оршин суугчид дотор 8.4 ширхэг DSL холболт (телефон утасны шугам ашиглах), 10.5 ширхэг кабель телевизийн шугам ашиглах холболт оногдож байгаа бол 12.2 ширхэг хүн шилэн кабель ашигласан байна гээч. Өөрөөр хэлбэл шилэн кабелийн холболт нөгөө 2-оо гүйцсэн байна. Японд мөн ялгаагүй 100 айлд DSL 9.6, Cable 3.1, Шилэн Кабель 10.2 хувьтай байна. Харин манайхыг оруулаад бусад орнуудад DSL холболт нь хамаагүй өндөр хувьтай байгаа юм.

Үндсэндээ шилэн кабелийн улсад өгдөг өндөр ач холбогдлыг олж харсан Япон, Солонгос хоёр түрүүлж хөдөлсний ачаар иргэдийнхээ ихэнхийг шилэн кабелиар холбож дөнгөжээ. Үнэхээр гайхалтай. Одоо эдгээр улсуудын хөгжлийг гэрлийн хурдтай зүйрлэж болох юм. Гэтэл Америкад энэ харьцаа дөнгөж DSL 10.1, Cable 13.2, Fiber 0.9 байгаа нь харамсалтай. Мэдээж монголд бүр базаахгүй дүн гарна. 2007 оны сүүлээр гаргасан ойролцоо дүнгээр бол DSL 3.7, Шилэн кабель 1.2 гарч байх юм. Гэхдээ энэ нь бүх хүний тоонд хуваасан дүн гэдгийг анхаараарай. Шилэн кабелийн нэг үзүүрийг олон хүн хувааж хэрэглэдэг тул 100 айл тутамд гаргавал бүр жаахан тоо гарна.

Шилэн кабелийн Boom болсон тухай “Дэлхий бөөрөнхий биш” номоос уншиж болно. Угаасаа дэлхийг хавтгай болгоход гол үүрэг гүйцэтгэж байгаа дэд бүтэц нь шилэн кабель юм. Тухайн үед шилэн кабель байгуулах нь тун ашигтай гэсэн итгэл үнэмшил хүн бүхэнд төрсөн тул Америк тивийг бусад тивүүдтэй холбосон том том дэд бүтцүүдийг хайр найргүй босгож эхэлсэн бөгөөд энэхүү олноор байгуулагдсан бэлэн сүлжээг ашиглан Энэтхэг зэрэг орон Америк руу амжилттай Outsourcing хийж асар их мөнгө хийж байгааг та бид мэднэ.

Айл өрхүүд болон эцсийн хэрэглэгч шилэн кабелийн холболттой болсноор юу хожих вэ?
Танд өндөр хурдаар дамжих ёстой ямар л дижитал өгөгдөл байна, түүнийгээ дамжуулах бололцоотой болдог нь гайхамшигтай. Цухас дурдахад өндөр нягтралтай телевизийн дүрс, видео, интернэт холболт гээд л..

Ер нь кабелиар хамгийн сайн хангагдсан орон нь OECD-ийн дурдсанаар бол Дани бөгөөд тэдний 100 айл тутмын 36.7 нь кабельтай боловч 22.5 нь буюу ихэнх нь DSL юм. Ихэнх орнуудад шилэн кабель руу шилжүүлэхдээ хойрго хандах нь бий. Яагаад гэвэл шилэн кабель нь анхны өртөг зардал ихтэй тул хөрөнгө оруулалт нилээд шаардана. Иймээс монголд ч гэсэн “хамгийн тохиромжтой холболт бол DSL” гэсэн ойлголтыг иргэдэд суулгахыг Интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид хичээдэг юм.

Холболт
Хэрвээ та боломжтой л бол ШИЛЭН КАБЕЛЬ сонгоорой. Ирж яваа цагийн дэлхийн хөгжлийг дагаад шилэн кабель нь өнөөдөр өгөгдөл дамжуулах гол суваг болжээ. Wimax гэх мэтийн агаарын долгион ашигласан холболтууд нь яг үнэндээ 100% найдвартай байж чадахгүй. Тэгээд ч олон янзын долгион холилдоод хурд унах, холболт тасрах гэх мэт бэрхшээл чамгүй гарна. Магадгүй хажууд өндөр байшин бариад өргөгч цамхаг байрлахад л холболтод нөлөөлнө. DSL нь хэдийгээр энгийн интернэт холболтод боломжийн боловч өндөр шаардлагыг хангаж чадахгүй. Та бид дүрсээ харах, асар их өгөгдөл дамжуулах тухай ярьж байна шүү дээ. Иймээс л шилэн кабелийн холболтыг сонгоорой гээд аминчлан захиад байгаа юм.

Шилэн кабелийг хэрхэн тавьдаг вэ?
Холболтоо хэрхэн сонгох вэ гэдэг нь айл өрхүүд автомашин сонгохдоо хэрхэн нухацтай ханддагтай адил амар зүйл биш юм. Яг үнэндээ өнөөдөр ч гэсэн зарим айлуудад шилэн кабелийн холболт авъя гэсэн ч техникийн нөхцөл бүрдээгүй байгаа нь харамсалтай. Улаанбаатарын хамгийн том сүлжээний архитектурыг Скайнэтворк компани эзэмшдэг. Магадгүй та шилэн кабелийн холболттой болохыг хүсэж байвал эднийд л хандахаас өөр аргагүй юм. Үнэндээ шилэн кабелийн томоохон сүлжээ байгуулах, архитектурыг гаргах нь нүсэр ажил билээ. Үүнийг ганц сар эсвэл нэг жилийн дотор байгуулж дөнгөхгүй. Урт удаан хугацааны нарийн төлөвлөгөөний дагуу явах ёстой. Түүнчлэн хэдэн жилийн өмнө МЦХ компаниас хүчээр салгасан Сүлжээ компани нь монголын аймаг сумд хоорогдын шилэн кабелийн сүлжээний ажиллагааг хариуцдаг байна.

Монголд юу саад болж байна?
Гол гол дэд бүтэц босгоход мундахгүй их саад байдаг шүү дээ. Бидний нүдэн дээрх зүйл бол Улаанбаатар хотын автозам юм. Замаар хичнээн олон машин явж хүмүүс ажил амьдралаа зохицуулдаг билээ? Гэтэл эсрэгээрээ зам хичнээн муу билээ. Үүний хариуцлагыг хэн хүлээх юм, бүү мэд. Уул нь автозамын газар гээд л том том байшинтай албан байгууллагууд зөндөө л байх юм.

Тэгвэл мэдээллийн технологийн гол дэд бүтэц болох шилэн кабель ямархуу байдалтай байна вэ? Бас л хүндрэлүүд тохиолдоод байгаа нь харамсалтай.

1. Сувагчлалын асуудал. Та бидний Траншейн гэж нэрлэдэг Сувгийн Худгийн нэг чухал үүрэг бол Шилэн болон бусад кабелиудыг татах явдал юм. Кабелийг газар доогуур татах нь агаараар татсанаас найдвартай гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэвч өнөөдөр Улаанбаатар хотын сувгууд дүүрч ачааллаа даахаа больжээ. Байгууллагууд өөрсдийн кабелийг татахын тулд яахаас ч буцахгүй болжээ. Гэтэл энэхүү сувгийг хариуцдаг, өргөтгөх, зохицуулах үүрэгтэй байгууллагууд юу бодож суудаг бол?!?

2. Шилэн кабелийн дэд бүтцийн асуудал. Манай улсад үндсэн сүлжээ эзэмшдэг байгууллагыг эцсийн үйлчилгээ үзүүлэхийг хориглодог. Тэр нь ч аргагүй зөв бөгөөд монополийг хазаарлах болон өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжих чухал арга юм. Компани болгон үндсэн сүлжээ үүсгэж чадахгүй, тэгэх ч шаардлагагүй. Бүх Интернэтийн үйлчилгээ үзүүлэгчид Скайнэтворк компани шиг шилэн кабелийн нарийн бүтэц бүхий цогц сүлжээг Улаанбаатар даяар давхар давхар тавина гээд төсөөлөөд үз дээ. Иймээс сүлжээг нь нэг компани үүсгэж ажиллагааг нь хариуцдаг бол бусад компаниуд уг сүлжээг ашиглан үйлчилгээгээ хүргэдэг байна.

Сүлжээг хэрхэн өргөтгөдөг вэ?
Тухайн компанийн дотоод асуудал мэт боловч үнэндээ та бидний хөгжил дэвшилтэй салшгүй холбоотой асуудал тул анхаарч байхад гэмгүй юм. Танай дүүрэгт, эсвэл танай орон сууцанд шилэн кабелийн үзүүр орсон уу? Та шинэ байр худалдан авахдаа шилэн кабельтай эсэхийг заавал нягтлаарай. Гэхдээ зарим орон сууц барьж байгаа компаниуд өөрсдөө толгой нь эргэчихсэн дотоод сүлжээний кабелийг (Шил биш!!) шилэн кабельтай мэтээр ярьж төөрөгддөг. Хамгийн аймшигтай нь тэд энэ талаар өөрсдөө юу ч мэддэггүй гээч. Хэрвээ танай байранд цэвэр шилэн кабелийн шөрмөс л ороогүй бол шилэн кабельтай биш гэж ойлгож болно.

Сүүлийн жилүүдэд интернэт сүлжээг жижиглэн дамлагчид гэж бий болсныг орон сууцанд амьдардаг хүмүүс мэддэг болсон. Тэд орцны үүдэн дээр хямдаар интернэт тавина гэсэн зар наах бөгөөд хэдэн байрны дунд нэг урсгал аваад түүнийгээ та бидэнд жижиглэн хувааж зардаг гэсэн үг л дээ. Та маш хямдаар интернэт холболт авах боловч тэр хирээр олон хуваасан маш чанаргүй үйлчилгээг хүртэнэ. Хагас цагт амжуулах ажлыг та удаан найдваргүй холболтоосоо болж бүтэн өдрийн турш ноцолдоно гээд бод доо. Ийм дамлагчдын ашигладаг гол холболт нь та бидний сайн мэдэх дотоод сүлжээний саарал кабель (UTP) шүү дээ. Улаан цагаан байрнаас байр руу агаараар татчихсан байдаг нь дэндүү бүдүүлэг хэрэг. Дотоодын сүлжээний кабелийг гадаа татдаггүй. Тэр тусмаа өвөл аймшигтай хүйтэрдэг, зун нь шатам халуун болдог манай оронд бүр найдваргүй. Түр зуурын мөнгө олох гэсэн аргацаасан үйлчилгээ л юм даа.

Эд өөрсдийнхөө үйлчилгээг шулуухан Шилэн кабелийн холболттой, Хамгийн найдвартай, Хамгийн хурдан, Хамгийн хямд гэх мэтээр сурталчилж явдаг нь үнэнд нийцэхгүй. Харамсалтай нь барилга барьж байгаа хүмүүс тэдний үгэнд итгэх дуртай байдаг нь чихэр шиг үг, хямд үнэ зэрэгт л болдог байх.

Туршлагатай барилгачид бол сүлжээний найдвартай байдлыг дээд зэргээр хангадаг компаниас жинхэнэ шилэн кабелийн шөрмөс оруулж оршин суугчдаа найдвартай сүлжээгээр хангадаг. Шилэн шөрмөс оруулах чадвартай компани өнөөдөртөө Скайнэтворк, Сүлжээ, Мобинэт, MCS зэрэг хэдхэн компани л байгаа. Гэхдээ эдгээрээс хамгийн өргөн сүлжээтэй, идэвхтэй ажилладаг нь Скайнэтворк юм.

Скайнэтворк сүлжээгээ тавихдаа тусгай төлөвлөгөөний дагуу ажилладаг. Мэдээж бусад нь ч гэсэн төлөвлөгөөтэй байх л даа. Гэхдээ Скайнэтворкийн сүлжээнүүд нь өнөөдөр Ring хэлбэр рүү орж эхэлсэн. Энэ бол сүлжээний найдвартай ажиллагаанд голлох хүчин зүйл юм. Ring гэдэг нь сүлжээнүүд битүү цикл үүсгэж байгааг хэлэх бөгөөд тань руу 2 замаар холболт очих боломжтой болно. Ингэснээр аль нэг тал тасарлаа гэхэд нөгөөх нь ажиллагааг хэвийн үргэлжлүүлсээр байх юм. Нөөц замтай боллоо гэсэн үг л дээ. Ийм Ring хэлбэр хичнээн олон болно та уг сүлжээний хэрэглэгч болсондоо бүр л баярлах болно.

Гайхалтай байгаа биз. Та бидний нүднээс далд хичнээн юм өрнөдөг гээч.

Дүгнэлт
Шилэн кабель нь шилээр хийсэн тул түүнд хүн сонирхоод байх зүйл үгүй. Иймээс түүнийг хулгайч нар тоодоггүй. Гэхдээ шилэн кабелийг хааяа хулгайлдаг нь туршлагагүй хулгайч гэдгийг нь нотолсон хэрэг. Иймээс шилэн кабель бол цэвэр өндөр технологийн бүтээгдэхүүн ажээ.

Та шинэ байранд орж байгаа бол шилэн кабелийн боломжтой эсэхийг заавал асуугаарай. Та гэртээ байрлуулсан видео камераа ажил дээрээсээ хянахыг хүсэж байгаа бол шилэн кабелийн холболт л найдвартай. Бас орчин үеийн гэрийн электрон бараанууд бүгд л интернэт болоод бусад холболтод холбогддог болж эхлээд байгаа шүү дээ. Жишээ нь сүүлийн үеийн хөргөгч, робот тоос сорогч гэх мэтийг дурдаж болно. Танай гэрт сүлжээний дотоод кабелийн үзүүр байж магадгүй. Тэгвэл уг үзүүр нь байранд байх техник өрөө хүртэл тасралтгүй үргэлжилсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Туршлагагүй барилгачид өрөөнөөс орцон дахь ШИТ хүртэл татаад тасалчихсан байдаг нь тун бүдүүлэг хэрэг билээ. Өгөгдөл дамждаг сүлжээний кабель залгаас багатай байх тусмаа л найдвартай байдал, өгөгдөл дамжуулах хурд нэмэгдэнэ.

Хэрвээ та барилга бариулж байгаа бол ЗӨВХӨН НАЙДВАРТАЙ сүлжээний компанитай л хамтран ажиллах хэрэгтэй. Таны мэдлэг дутмаг байдлыг ашиглан хувь хүмүүс, зарим жижиг компаниуд чихэн дээр цэцэг ургуулна гэдэг шиг л юм болно. Орон сууцанд тань амьдрах хүмүүсээ бодох хэрэгтэй шүү дээ.

Харамсалтай нь Хуучин орон сууцанд амьдардаг хүмүүст шилэн кабель бас л хүндрэлтэй хэвээр байна. Яаж ийгээд танай байранд шилэн шөрмөс аваачлаа гэхэд хэрэглэгч тун цөөхөн байдаг. Магадгүй зардлаа нөхөхийн тулд бүхэл байранд ядаж 10-аас дээш хэрэглэгч байх шаардлагатай. Гэтэл тухайн байрнаас ганц л айл шилэн кабельд холбуулах хүсэлтээ гаргаад байдаг нь хяслантай юм. Түүнчлэн хуучин байранд сүлжээний тоног төхөөрөмжийг байрлуулах тусгай өрөө байдаггүй учраас Switch, Converter зэргийг хулгай авах, эвдлэх тохиолдол цөөнгүй гардаг нь сүлжээний компанийг залхаадаг гол зүйлийн нэг. Бас сүлжээний утсыг ил гүйлгэдэг нь найдвартай ажиллагаанд шууд л харшилчихдаг.

Эцэст нь хэлэхэд та өндөр үнээр авсан орчин үеийн төхөөрөмжүүдийнхээ хүчин чадлыг бүрэн утгаар нь мэдрэхийг хүсвэл яг түүндээ таарсан найдвартай ажиллагаатай өндөр хурдын сүлжээнд холбогдох ёстой юм. Энэ шаардлагыг хамгийн сайн хангадаг нь Шилэн кабель гэдгийг та мэдэж авлаа. PlayStation 3 Network, Xbox 360 Live, Интернэтийн Youtube HD вэб сайт, дүрсээ харж ярьдаг Skype, Хяналтын видео камерын дүрс дамжуулах, онлайн хурал гээд л танд олон зүйлд холболт шаардлагатай байгаа биз дээ.

Шилэн кабелийг нэгэнт холбуулаад зардлаа нөхөөд авчихсаны дараа бусад холболтуудаас ч хямд болдог гэдгийг танд сануулъя. Мартаж болохгүй шүү.

Компьютер таймс сэтгүүлээс ...

Ангилал : Сүлжээ | Нийтэлсэн : Т.Гантулга | Уншсан (10) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Компьютерийн эд ангийн тухай

2014-03-27 11:16:33
 
 

Өнөө үеийн компьютерт нийтлэг байх ёстой үндсэн тоног төхөөрөмжүүд бол:
• Motherboard (Эх хавтан)
• Processor (Процессор)
• Memory RAM (Санах ой)
• Case (Chasis) Гэр
• Power supply (Тэжээлийн блок)
• Floppy drive (Уян диск хөтлөгч)
• Hard disk (Хатуу диск)
• CD-ROM,CD-R буюу DVD-ROM хөтлөгч
• Keyboard (Гар)
• Mouse (Хулгана)
• Video card (Видео карт)
• Display (Дэлгэц)
• Sound card (Дууны карт)
• Speakers (Чанга яригч)
• Ports (Цуваа болон зэрэгцээ портууд)
Үүнээс гадна web camer, scanner, modem, microphone, flash disk гэх мэтийн төхөөрөмжүүдийг өдөр тутмын ажиллагаандаа бид нар ашиглаж байна. Одоо эдгээр тоног төхөөрөмжүүдийн тухай товчхон танилцуулья.

Motherboard (Эх хавтан)

Эх хавтан бол системийн цөм нь юм. Учир нь түүнд бүх тоног төхөөрөмжүүд холбогдоно. Мөн тэр өөрөө бүх төхөөрөмжөө хянаж удирдана. Эх хавтангууд төрөл, хэмжээ дүрсээрээ ялгаатай байдаг ч ямар ч эх хавтан доорхи хэсгүүдийг заавал агуулж байдаг.
• Процессор суулгах үүрнүүд (socket, slot)
• Процессорын тэжээлийг тогтворжуулах хэсэг
• Уг эх хавтангийн чип (chipset)
• Нэн шуурхай ойнууд (Cache memory)
• Санах ойнуудыг суулгах үүрнүүд (SIMM,DIMM sockets)
• Нэмэлт төхөөрөмжүүд суулгах үүрнүүд (Bus slots)
• Тогтмол санах ой (ROM BIOS)
• Цаг болон CMOS ийн батери
• Jumpers
• Залгуурууд (Connectors)

Оригнал Эх хавтан дээрхи микросхемүүдийг үйл ажиллагааны төрлөөр нь нэгтгэсэн хэлбэрийг Chipset гэдэг. Үнэн чанартаа бол chipset нь бас л нэг эх хавтан гэсэн үг юм. Тухайн компьютерт дэх эх хавтангийн Chipset нь бүх тоног төхөөрөмжөө хянаж зохицуулдаг. Тухайвал: Төв процёссор түүнд холбогдох орох гарах замууд, Нэн шуурхай санах ой болон шуурхай санах ойнууд, нэмж суулгадаг төхөөрөмжүүдийн гол замууд болон системийн бүх нөөцүүдийг бүгдийг нь хянаж зохицуулдаг.
Мөн chipset-ийн хамгийн гол үүрэг бол уг эх хавтангийн харектерстикийг тодорхойлж байдаг. Өөрөөр хэлбэл ямар процессор, санах ойн (RAM) багтаамж, ямар төрлийн өргөтгөлийн картууд (PCI, ISA), ямар багтаамжтай диски уг эх хавтанд таарах вэ? гэдгийг тодорхойлж байдаг гэсэн үг юм. Сүүлийн үеийн процессорууд дотор нь нэн шуурхай санах ойнууд нь хийгддэг болсон. Мөн эх хавтан дээр BIOS гэсэн тогтмол санах ой байрладаг.
Энэ нь хамгийн түрүүнд POST (Power-On Self Test) гэсэн программыг ажиллуулдаг. Дараа нь үйлдлийн системийг ачаална. Системийн бүх тохиргоог BIOS д хадгална.

Processor (Процессор)

Төв процессор бол нэг ёсондоо компьютерийн хөдөлгүүр юм. Түүнийг бас CPU (Central processor unit) гэж дууддаг. Энэ бол хамгийн чухал чип юм. Учир нь компьютер доторх мэдээллийн урсгалыг зохицуулах, арифметик, логик үйлдэл энд хийгдэнэ. Төв процессор нь дээрхи ажиллагааг гүйцэтгэхийн тулд оролт, гаралт, хадгалах төхөөрөмжүүдийг өөртөө холбон ажиллуулдаг. Орчин үеийн процессорууд нь хэдэн арван сая транзисторуудыг маш жижиг талбайд багтааж чадсан байдаг.
Төв процессор нь компьютерийн төхөөрөмжүүдийн хамгийн үнэтэй бөгөөд хамгийн жижиг төхөөрөмж юм. Сүүлийн үеийн процессоруудын үнэ буурч, ажиллах хурд улам ихэсэж, овор хэмжээ багасаж байна.

Ангилал : Мэдээллийн технологи | Нийтэлсэн : Т.Гантулга | Уншсан (20) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Интернетээс мэдээлэл хайх тухай

2014-03-25 09:00:11
Интернет бол өнөө үед бидэнд байгаа хамгийн том боломж. Үүнийг зөв ашиглавал толь, сурах бичиг, ТВ, сонин, хөгжим гээд бүх л зүйл чинь болж чадна. Тэр ч байтугай чиний гэрийн даалгаврыг ч хийж өгч чаддаг. Гэхдээ энд интернет гэдэг шидтэн байгаа юм биш. Дэлхийн өнцөг булан бүрээс хоорондоо сүлжээгээр холбогдсон компьютерүүд байгаа хэрэг, үүний цаана мэдээж хүн байгаа. Интернетийн тэр агуу том мэдээллийн санг дэлхийн өнцөг булан бүрт байгаа интернет хэрэглэгчид бүрдүүлсэн байдаг.
 
Мэдээллийн сангийн нөөцийг нь далайтай зүйрлэвэл бид хэрэгтэй мэдээллээ интернетээс олж авах нь загасчлахтай утга нэг болох агаад загас сайн барьж сурах хэрэг гарна.
Сайн загасчинд сайн уурга дэгээ хэрэгтэй. Тэгвэл танд Google гэдэг уургыг санал болгоё. Энэ бол маш сайн уурга. Гэхдээ зөв хэрэглэж чадвал...
Та өөрт хэрэгтэй мэдээллээ хэрхэн хайдаг вэ?
Мэдээж хэрэг хамгийн анхны алхам бол browser-ийнхоо хаяг дээр www.google.com гэж бичиж хайлтын систем рүүгээ ордог. Тэгээд хайх зүйлээ бичээд ENTER дардаг.
Тэгвэл тэр хайх утгуудаа хэрхэн оруулах вэ?
Зөвлөмжөө хамгийн энгийн амархнаас нь гүнзгий түвшин рүү хүндрэх зарчмаар бэлдэнэ.
Хамгийн амархан нь мэдээж хайх үгээ оруулаад л болоо. Үүнийг хүн бүр мэддэг учраас илүүц нуршаад яахав.
Жишээлбэл та "Аватар" киног шууд үзэхээр хайж байгаа бол түүнийгээ бичихэд маш олон үр дүн гарч бүгд төлбөртэй, эсвэл хаана юу нь байгаа нь мэдэгдэхгүй.
Зорилгодоо хүрч чадсангүй юу.
Тэгвэл дараагийн түвшин рүү орцгооё.

1. Тусгай түлхүүр тэмдэгтүүдийг ашиглах. Үүнд хэд хэдэн тэмдэгт бий.
“+” тэмдэг, үүнийг ашигласнаар заавал байх ёстой утгыг агуулна. Жишээ нь “Harry Potter +3” гэж бичвэл гуравдугаар ангийг нь хайна.
 “-“ тэмдэг дээрх нэмэх тэмдгийн эсрэг утгатай ба энэ үг байх ёсгүй гэсэн утгыг агуулна.
“~” тэмдэг, үүнийг ашиглан ижил утгатай үгнүүдээр нь хайна. Та ямар нэгэн юм хайхыг хүссэн боловч тэр үгнийхээ утгыг нь мэдэхгүй байгаа үед илүү тохиромжтой.
 “ОR” тэмдэг, үүнийг Boolean төрлийн үйлдэл гэдэг.
Ихэнх тохиолдолд I гэж бичдэг. Амьдрал дээр "бол", "эсвэл" гэсэн утгатай. Жишээ нь Лондон юм уу Парис хотод амралтын газар хайж байгаа бол "vacation London OR Paris" гэж хайх хэрэгтэй.
 
Тооны интервал оруулах: Та ямар нэгэн тооны заагаар хайх боломжтой. Бичихдээ дээд доод хязгаарын дунд 2 цэгтэйгээр бичих хэрэгтэй. Жишээ нь "XBOX 360 $250..$300" гэж хайвал танд 250-300 долларын үнэтэй ХВОХ олдох болно. 
 
2. Тусгай үгнүүд ашиглах
"INTITLE" Энэ бол маш чухал түлхүүр үг. Тухайн хуудасны нэршил буюу title-д байх үгээр хайдаг. Хамгийн түгээмэл ашиглагддаг.
Та уг түлхүүр үгийг ашигласнаар ямар нэгэн файлыг шууд татахаар олж авч чадна. Жишээлбэл ямар нэгэн дууг шууд татахаар хайя гэвэл "?intitle:index.of? mp3 (хамтлаг болон дууны нэр)" гэж хайвал та хүссэн дуугаа хайж олох боломжтой.
 
Жишээ нь: MC Sniper хамтлагын "Gloomy Sunday" хэмээх дууг хайх хэрэг гарвал "?intitle:index.of? mp3 MC Sniper Gloomy Sunday гэж бичээд л хүссэн үедээ шууд татахаар олж авч болно.
 
"INURL" URL буюу тухайн хуудас байрлаж буй интернет хаягыг нь тодорхойлж өгөх. Жишээ нь "inurl:andromeda" гэвэл url-д нь andromeda гэсэн үг орсон бүх сайтыг олно.
Define: гэсэн комманд нь тухайн үгний олон хэл дээрх тодорхойлолт буюу тайлбарыг гаргаж ирнэ. Үүнийг словарь болон шинжлэх ухааны тайлбар толь ашиглалгүйгээр тухайн үгний олон хэлний тайлбарыг олоход ашиглана.
Жишээлбэл: Define:USA товчилсон үгний Англи, Испани, Итали, Португали гэх мэт олон хэлээрх тодорхойлолтыг үзэж болно.
 
Filetype: Энэхүү командыг өөрийн хүссэн өргөтгөлтөй файл, баримт хайхад хэрэглэнэ. Өргөн хэрэглэдэг MS Office-ийн Word ".doc", Excel ".xls" Powerpoint ".ppt" өргөтгөл, Adobe Acrobat Reader ".pdf гэх мэт төрөл бүрийн файлыг хайж болох юм.
Жишээлбэл: дипломын ажил filetype:doc гээд бичихэд төрөл бүрийн сэдвээр MS Word дээр хийгдсэн дипломын ажлууд гарч ирнэ.
Site: комманд нь хайлтаа ямар өргөтгөлтэй сайтуудаас хайхыг тодорхойлно. Монголын сайт ".mn", боловсролын сайтуудаас хайх ".edu.mn", ".edu" гэх мэтээр хайх бөгөөд хайлтынхаа хүрээг хумьж оновчтой хайлт хийхэд тусална.
Жишээлбэл: American college site:edu Хайлтын үр дүнд зөвхөн АНУ-ын боловсролын ".edu" өргөтгөлтэй коллежийн сайтуудыг харуулна.
In коммандын тусламжтай өөр нэгж хэмжээсүүдийг хооронд нь шилжүүлэн гаргаж болдог. Жишээлбэл: 3 miles in km Маилын хэмжээсийг километрт шилжүүлэх. 23 USD in Euros, 130 lbs in kg, 98.6 Fahrenheit in Celsius, 1 year in seconds гэх мэт.
Хайлтын системийн коммандын талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.googleguide.com/advanced_operators.html вэб хуудаснаас авч болно. Дээрх командуудыг зөвхөн Google, Yahoo үйлчилгээгээр хязгаарлахгүйгээр бусад хайлтын системүүдэд ашиглаж болдог.
Мөн тооны нэмэх хасахаас эхлээд функцүүд ашиглан тоо бодож болдог.
http://www.googleguide.com/help/calculator.html хэсгээс хайлтын системд хийж болох тооны үйлдлийн талаарх мэдээллийг аваарай.
Ангилал : Мэдээллийн технологи | Нийтэлсэн : Т.Гантулга | Уншсан (18) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Вэб сайт гэж юу вэ?

2014-03-25 08:54:26

Вэб сайт гэдэг нь интернэтийн сүлжээнд байрлах хоорондоо холбогдсон вэб хуудсуудыг хэлнэ. Вэб сайт ямар нэгэн сэдэвтэй хийгддэг. Вэб сайтийн бүтэц. Вэб сайт нь нэг эхлэл хуудастай түүнд холбогдсон хэд хэдэн хуудсуудаас бүтдэг. Одоо эхлэл хуудсын талаар авч үзье. Та ямар нэгэн сайтад ороход Home гэсэн хуудас гарч ирдэг. Home буюу эхлэл хуудас нь их чухал үүрэгтэй байдаг. Тэр тухайн сайтныхаа агуулгыг бүрэн илэрхийлж чадах ёстой. Бас бусад хуудасруугаа нэвтрэх зам нь болж өгдөг. Эхлэл хуудасны хувьд ийм, харин нэг зүйл хэлэхэд эхлэл хуудсыг index.html гэж хадгаладаг. Вэб сайт нь дараах хоёр шинж чанартай.
Энд статик гэдэг нь амьгүй, хөдөлгөөнгүй гэсэн үг л дээ. Харин динамик гэдэг нь эсрэгээрээ амьтай хөдөлгөөнтэй гэж ойлгож болно. Жишээлбэл: та нэг статик вэб сайт хийгээд интернэтэд тавьлаа гэж бодъё. Та дараа нь тухай сайтдаа мэдээлэл нэмж сайжруулах шаардлагатай болсон үед урд нь хийсэн үйлдлээ бүгдийг нь дахин хийж мэдээллээ солино гэсэн үг. Харин динамик вэб сайт хийгээд интернэтэд байршуулсан үед та интернэт байгаа л бол хаана ч байсан мэдээллээ нэмж устгаж сайжруулах боломжтой юм.
Одоо та бүхэн динамик вэб сайт хийхийг хүсч байгаа байх энэ нь даанч нэлээн хэцүү өөрөөр хэлбэл таниас вэб програмчлалын хэлний мэдлэг шаардана. Харин та эхлээд статик вэб сайт хийгээд сурчих юм бол цаашаа арай хурдан ахиж болно.
Вэб сайт хялбархан хийх програмууд байдаг. Жишээ нь: FrontPage, Dreamweaver, CofeeCup гэх мэт тоолж барашгүй олон байгаа байх. Энэ програмуудаас нэлээн нэрд гарсан нь Dreamweaver юм. Эдгээр програмуудаар вэб хуудас бүтээх явц хялбархан учир нь нээх их өгөөж байхгүй байх. Харин та өөрийн гараараа HTML кодоо бичээд хийвэл илүү үлдэцтэй байх болов уу.

Ангилал : Мэдээллийн технологи | Нийтэлсэн : Т.Гантулга | Уншсан (7) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Internet history

2014-03-25 08:06:52


Интернэтийн үүсэл нь анх 1969 онд АНУ-ын Батлан Хамгаалах Яам тагнуулийн зорилгоор цэргийн байгууллагуудын компьютерийг холбосноор үүссэн гэж үздэг. Энэ сүлжээг ARPANET гэж нэрэлсэн бөгөөд зөвхөн ганц компьютер эвдэрвэл сүлжээ бүхэлдээ ажилгүй болдог байжээ. ARPA гэдэг нь АНУ-ын Батлан хамгаалах яамны дэрэгдэх  Тэргүүлэх Эрдэм Шинжилгээний Төслийн Агентлаг /Advanced Research Projects Agency/-ийн товчилсон нэр юм. NET-гэдэг нь сүлжээ гэсэн үг.
•    ARPANET сүлжээнд компьютерүүд нэмж холбосоор 1974 он гэхэд нийт 24 компьютер сүлжээнд холбогджээ.
•    1983 онд АRPANET сүлжээг хоёр салган, армийн хэрэгцээнд зориулсан Milnet, эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулсан Telenet хэмээх 2 сүлжээг бий болгожээ. Энэ үед Internet сүлжээнд 1000 хүрэхгүй компьютер холбогдсон байлаа.
•    1985 онд Канадын засгийн газар их дээд сургуулиудыг холбогсон Internet-тэй өрсөлдөхүйц том BITNET сүлжээг үүсгэсэн ба үүнийгээ Internet сүлжээтэй нийлүүлсэн байна.
•    1986 онд АНУ-н Yндэсний Шинжлэх Ухааны Сан томоохон их дээд сургуулиудыг холбосон NFSNET сүлжээг байгуулжээ. 1987 оны эцсээр Internet-д 10000, BITNET-д 1000 толгой компъютер холбогдоод байжээ.
•    Улам олон хэрэглэгч холбогдох тусам сүлжээний хурд ихэд удааширч байсан тул, 1987 онд АНУ-н Yндэсний ШУ-ны Сангаас NFSNET-д зориулан өндөр хурдтай холболт тавьж эхэлжээ. Ингээд 1988 онд 13 дэд бүсийн Интернэт, 170 LAN сүлжээ, 56000 толгой компъютер холбоод байв. Канадын BITNET сүлжээг 1989 оноос эхлэн Интернэттэй ижилхэн протокол хэрэглэх болгож, тус онд АНУ, Канадын нийт сүлжээнд 20000 гаруй толгой компъютер холбогдоод байлаа.
•    1991 оны 5-р сарын 17-ны өдөр Европын цөмийн физикийн лаборатор /CERN/ - ийн тооцоолон бодох системд дэлхийн анхны Вэб сервер тавигдсан байна. Энэ өдрийг Интернэт сүлжээний албан ёсны төрсөн өдөр хэмээн үздэг. Энэхүү сүлжээг WWW (World Wide Web) буюу дэлхий нийтийн сүлжээ хэмээн нэрлэсэн юм. WWW нь дэлхий даяар тархсан хэдэн сая компьютерууд дээр байдаг агуу их мэдээллийн цуглуулга бөгөөд энэхүү мэдээлэлтэй хэрэглэгч олон вэб сайт (Web site)-аар дамжуулан харьцдаг байна. Вэб сайт гэдэг нь төр засаг, банк санхүү, аж ахуйн нэгж, бүх төрлийн байгууллага, соёл урлаг, спорт,  хувь хүний зүгээс эрхлэн гаргаж толилуулж байгаа Вэб хуудасны цуглуулга гэж ойлгож болох юм.
•    Дэлхийн бусад оронд ч гэсэн үүнтэй ижил сүлжээнүүд байгуулагдаж эхэлсэн бөгөөд, ихэнхдээ Интернэтийнхтэй ижилхэн стандардтай байгуулж байжээ. Yүний үр дүнд бэлхийн бусад орны сүлжээнүүд хоорондоо зохицож холбогдох боломжтой болж байсан бөгөөд, 1990-ээд оны ихээр ихэнх улс орнуудын сүлжээнүүд хоорондоо холбогдож нэгэн аварга том сүлжээ байгуулагдаж эхэлжээ. Тухайн үед эдгээр олон дэд сүлжээ болгон нь өөрийн гэсэн нэр ус, үнэ төлбөр зэрэгээрээ ялгарч байжээ. Яваандаа Интернэт гэдэг нэрийг ерөнхийд нь хэрэглэх болж, бүхэл дэлхий даяарх сүлжээнүүдэд Интернэтийн хэрэглэдэг TCP/IP протокол хэрэглэгдэж эхэлжээ. 1992 оны эцэсээр 1 сая толгой компъютер Интернэтэд холбогдоод байв.
•    Анхандаа Интернэтэд бизнесийн зорилготой үйл ажиллагааг хориглосон байв. Бүх санхүүжилтийг улс орнуудын засгийн газар, судалгааны байгууллагуудаас гаргадаг байв. 1990-ээ оны эхээр бизнесийн жижиг сүлжээнүүд Интернэт-д холбогдож эхэлжээ. Ингээд нэгэн шинэ төрөлийн үйлчилгээ гарч ирсэн нь хүмүүсийг төлбөртэйгээр Интернэт-д холбож өгдөг явдал болж, удалгүй Интернэт нь зарлал сурталчилгааны томоохон зах зээл болов. Интернэтийн бизнес талын хэрэглээ нь маш хурдтай нэмэгдэж, тун удалгүй анхны зориго нь болох эрдэм шинжилгээ судалгааны талын хэрэглээнээс хэд дахин илүүтэйгээр бизнесийн зорилгоор ашиглагдаж эхэлжээ. 1994 онд Интернэтэд 4 гаруй сая толгой компъютер холбогдсон байхад, ихэнх нь бизнесийн зорилгоор холбогдсон байсан тул, АНУ, Канадын засгийн газарууд өөрсөддөө харъяалагдах цөөн хэдэн сүлжээндээ санхүүжилт хийхээ зогсоосон ба удалгүй бусад байгууллагууд, бусад орны засгийн газарууд ч гэсэн ижилхэн арга хэмжээ авчээ. Ингээд Интернэт нь цэвэр бизнесийн үйл ажиллагааан дээр оршин тогтнох болжээ.

Ангилал : Мэдээллийн технологи | Нийтэлсэн : Т.Гантулга | Уншсан (11) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй